
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдэд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх, гэр бүл, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сэргээн засах чиглэлээр ажилладаг байгууллага, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэшүүлэх, хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааг явуулдаг юм.
Өнөөдөр тус төвийн үйл ажиллагаатай Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Тамиржаргал, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д.Ганбаяр, Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид танилцлаа. Дорнод аймгийн хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй 4200 гаруй иргэн бий. Эдгээр иргэдийн 50 гаруй хувь нь аймгийн төв Хэрлэн суманд амьдардаг байна.
Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, тоног төхөөрөмжөөр хангагдсан тэргэнцрийн агуулах, протезийн хэсэг, бүх хэсэг брайль үсгээр тэмдэглэгдсэн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглаж бүх цонх, хаалга автомат удирдлагатай дуут дохиотой гэдгээрээ онцлог.
Тус төвийн барилга анх баригдахдаа агааржуулалтын системгүй баригдсан учраас ажилчид болон үйлчлүүлж байгаа иргэдэд хүндрэл болдог байна. Иймд нэмэлтээр агааржуулалтын зураг төсвийн ажлыг хийлгэж төсөвт суулгуулах талаар ярилцлаа.



