ЧОЙБАЛСАН ХОТЫН ТАНИЛЦУУЛГА
Байгуулагдсан түүх:
Анх 1821 онд Халхын Сэцэнхан Шолойн удмын Минжүүрдорж бэйсийн санаачилгаар шашин номын жасаа болон хошуу тамгын газар бүхий сууринг барьж байгуулан шавыг тавьжээ. 1923 онд Ардын засгийн газраас баталсан тогтоол, дүрмийн дагуу Баянтүмэн Хан-Уулын хошууны төв, 1931 оноос “Баянтүмэн” аймгийн төв, 1938 оноос БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Баянтүмэн хотын захиргааг байгуулах шийдвэр гарч, одоогийн Чойбалсан хот анх үүсэн байгуулагдсан байна. Тухайн үед хотын харъяат болон түр оршин суугчид, гадаадын харъяат иргэд нийт 2000 гаруй хүн ам бүхий хот байгуулагджээ.
Энэ үед Баянтүмэн /эдүгээгийн Чойбалсан / хотод Шуудан цахилгаан мэдээний хороо, Гар үйлдвэрийн 1,2-р артель, Зам барилгын контор, Улсын худалдааны бааз, Хөдөлмөрөө хоршсон 4 жижиг гар үйлдвэрийн хоршоолол, Нефть бааз, Баянбулагийн нүүрсний уурхай, Морьт корпус шинээр байгуулагдаж, 1923 оноос хойш ажиллаж байсан боловсрол, соёл, банкны салбар, холбоо, тээврийн байгууллагууд дээр нэмэгдэж харъяалагджээ.
Засаг захиргаа, хүн ам:
Монгол улсын шинэ Үндсэн хуулинд Монгол улсын Засаг захиргааны нэгж аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо байна гэж заасны дагуу 1994 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Чойбалсан хот нь Хэрлэн сум болон зохион байгуулагджээ. Чойбалсан хот нь засаг захиргааны нэгж Хэрлэн суманд харъяалагддаг ба Хэрлэн сум нь 11 багтай 47270 хүн амтай. 2023 оны жилийн эцсийн байдлаар 104193 мал тоологдсон.
Тус суманд үзэмчин, барга, буриад, халх үндэстэн амьдардаг ба үндсэн хэл нь монгол хэл юм.
Газарзүйн байршил:
Дорнод аймаг нь Монгол орны зүүн хязгаарт хойд хэсгээрээ ОХУ-ын Чита мужтай, зүүн буюу өмнөд хэсгээрээ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол аймагтай, баруун талаараа Хэнтий, баруун урд талаараа Сүхбаатар аймагтай хил залган оршдог. Хэрлэн сум нь Монгол улсын Зүүн бүсийн тулгуур төв бөгөөд улсын нийслэл Улаанбаатар хотоос 656 км-ын зайтай. Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн Хязгаартай Дорнод Сибирийн төмөр замаар холбогддог.
Газар нутгийн хувьд 281 км2 газар нутагтай, далайн түвшнээс дээш 747 метр өргөгдсөн. Эргэлтийн 15 цэгтэй, газарзүйн байршил нь дорнод уртрагийн 114031’28.9”, хойд өргөрөгийн 48004’19.3” -ийн солбицолд оршдог.
Уур амьсгал :
Эх газрын эрс тэс уур амьсгалтай, хур тундас бага, хуурай уур амьсгалтай. Жилийн дундаж темпратур 0.5 хэм, 1-р сарынх -21.3 хэм, 7- р сарынх 19.9 хэм хүрдэг бөгөөд дундажаар 251-260 өдөр нь нартай цэлмэг байдаг. Жилд дунджаар 150-300 мм тундас унадаг, агаарын даралт 1-р сард 932.5 гПа, 7-р сард 919.4 гПа, салхины жилийн дундаж хурд 3.6 м/с хүрдэг.
Гадаргын ус :
Хэнтий нуруунаас эх авч Хэрлэн, Онон, Улз, Тээл, Дөч, Галын гол, Хянганы нуруунаас эх авч урсах Халх, Нөмрөг, Дэгээ зэрэг номхон далайн ай савд хамрагдах 3060 км урттай 128 гол горхи, 300 гаруй булаг шанд, Буйр, Яхь, Хөх, Баруун шаварт, Баян, Эрхэт, Шаварт, Шорвог, Сангийн далай зэрэг, том жижиг 179 нууртай. Түүнчлэн Цагаан хөндийн, Минжүүр, Эрээн, Цагаан чулуут зэрэг халуун, хүйтэн 30 гаруй рашаантай.
Түүх соёл, байгалийн дурсгал :
Чойбалсан хотын орчмын бүлэг булш, Тамсагийн чулуун зэвсэгийн суурин, X-XI зууны Киданы үеийн Хэрлэн бар хот, Тогоонтөмөр хааны барс хот III, Хүннүгийн үед холбогдох барс хот II, Хэрмэн зам, XIX зууны үед хүний гараар бүтээгдсэн Утай таван уул, Их бурхант, Хүн чулуунууд, Угтам Алтан Очирт ламын, Бандид ламхай, Арын мэргэн хамбын зэрэг сүм хийдийн туурь, Халх голын хөшөө дурсгалууд зэрэг түүхийн хөшөө дурсгалууд олонтой.
Чойбалсан хотын төвд:
- Монгол улсын Маршал, Улсын хошой баатар Х. Чойбалсангийн хөшөө. /Хотын хуучин төвд/
- Монгол дайчдын хөшөө /Хотын хуучин төвд/
- Зөвлөлтийн нисэгчдийн хөшөө /Хотын хуучин төвд/
- Ардын уран зохиолч, Төрийн 3 удаагийн шагналт Ц.Дамдинсүрэнгийн хөшөө /Аймгийн төв номын сангийн урд/
- Бөртө үжиний хөшөө /Хэрлэн зочид буудлын өмнөх талбайд/
- Халхын голын дайнд амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдын булш Генерал Куропаткины хөшөө /Хотын хойд захад/
- Баянтүмэн хотыг бөмбөгдсөн газарт босгосон дурсгал /Хотын хуучин төвд/
- Түүх, угсаатны зүйн музей
- Байгалийн музей
- ЗХУ-ын Маршил Г.К. Жуковын музей
Чойбалсан хотын хойд чиглэлд:
- Хэрлэн бар хотын туурь – Цагаан-Овоо сумын Хэрлэн голын хойт эрэгт /Аймгийн төвөөс – 90 км/
- Баян-Уул, Эрээн, Онон – Хэнтийн нурууны салбар, байгалийн үзэсгэлэнт газар, Онон голын сав газар /Аймгийн төвөөс 260 км/
- Чингэсийн хэрмэн зам – Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Гурванзагалын нутгаар үргэлжилсэн /Аймгийн төвөөс 180 км/
- Их газрын чулуу – Баяндун, сумын нутаг дахь байгалийн үзэсгэлэнт газар /Аймгийн төвөөс 160 км/
- Монгол дагуурын ДЦГ
- Угтам уул БНГ
- Яхь нуур БНГ
- Тосонхулстай БНГ
- Гүнцэнгэлэг ОНТХГН
- Цагаан хөндийн ОНТХГН
- Чухын нуур ОНТХГН
Нийгмийн салбар:
Чойбалсан хотод боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамж, тусламжийн үйлчилгээг иргэд, хүүхэд, залуучууд, ахмад настанд болон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд зориулсан тусгай үйлчилгээний байгууллагууд ажиллаж байна.
• Эрүүл мэнд: Чойбалсан хотын Бүсийн оношилгоо эмчилгээний төвд нарийн мэргэжлийн кабинет, тасаг, хувийн хэвшлийн оношилгоо эмчилгээний төв, эмнэлэг, сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна.
• Нийгмийн тусламж: Чойбалсан хотын Засаг захиргаа болон нийгмийн ажилтнууд нь Зорилтот бүлгүүд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд дэмжлэг үзүүлж, тусламжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Хамтарсан баг, Хүүхэд хамгааллын багуудыг ажилуулж байна.
Ерөнхий боловсролын төрийн болон хувийн хэвшлийн 12 сургуульд 14834 суралцагчид, Сургуулийн өмнөх боловсролын 19 цэцэрлэгт нийт 4547 хүүхэд хүмүүжиж байна. Мөн МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, Дорнод политехник коллежид нийт 1500 гаруй оюутан суралцаж мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэн гарч байна. Үүнээс гадна соёл урлаг, спортын байгууллагууд болох Музей /байгалийн болон уран зургийн/, Хөгжимт Драмын театр, Дамдинсүрэнгийн нэрэмжит төв Номын сан, Спортын ордон зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.
Хөдөө аж ахуйн салбар
Хэрлэн сумын 28084 га нутаг дэвсгэрийн 11000 га-д барилгажсан болон гэр хороолол, үйлдвэр, аж ахуй, нийтийн шугам сүлжээнд холбогдсон бөгөөд хөдөө аж ахуйн эдэлбэр газар нь 1,05 хувь буюу 296 га талбайтай.
Газар тариалангийн хувьд 15 аж ахуйн нэгж, байгууллага, 600 гаруй иргэд төмс, хүнсний ногооны аж ахуй эрхэлж байна. Жилд дунджаар 454 тн орчим төмс, 860,7 орчим тн хүнсний ногоо хураан авч Чойбалсан хотын хүн амын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 23,1 хувийг хангадаг. Хэрлэн сумын хэмжээнд хүнсний ногоо тариалахыг дэмжихийн тулд “Арван мянган хүлэмж” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа.
Дэд бүтэц:
Дорнод аймгийн Чойбалсан хот нь 86 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцтай. Дорнод, Сүхбаатар аймгийн 27 сумыг эрчим хүчээр хангадаг. Мөн Мардай, Тамсаг, Төмөртэй зэрэг томоохон орд газруудыг эрчим хүчээр хангахаас гадна цаашид төвийн эрчим хүч тасарсан тохиолдолд Хэнтий аймгийн төв болон бусад 17 сумыг эрчим хүчээр найдвартай бүрэн хангах боломжтой. Мэдээлэл холбооны сүлжээний газар доорх телефон холбооны болон шилэн кабел шугамын 34 км сувагчлалаар дамжуулан харилцаа холбооны үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг. Уг дэд бүтцэд тулгуурлан үүрэн холбооны оператор Mobicom, Unitel, Skyte, Gmobile компанийн 4G сүлжээний 26 сайт болон богино долгионы 3 FM радио үйл ажиллагаагаа явуулдаг. Олон улсын 3C ангиллын нисэх боомт буудалтай. Цагт 150 зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай. Хатуу хучилттай 2600х40 метрийн хөөрч буух зурвастай, 2 явгалах замтай, 3 агаарын хөлөг зэрэг хүлээн авах зогсоолтой.
Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасаг нь 5 өртөө бүхий 238 км төмөр замтай, 7 хоногт 2 удаа ачаа болон зорчигчийн галт тэрэг аялж, цайр, хийн баяжмал тээвэрлэн экспортод гаргадаг. Орон нутгийн ачаа буулгалтаар нүүрс болон бусад бараа тээвэрлэдэг.
Чойбалсан хотод “Дорнод НАА” ОНӨААТҮГ, Чойбалсан хөгжил ОНӨҮГ, Хэрлэн тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ууд ажиллаж хотын нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээг хариуцан иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж ажилладаг. Мөн гурил, мах, бетон зуурмаг, чулуу бутлуур, асфальтны томоохон үйлдвэрүүд ажиллаж орон нутгийг болон хөрш зэргэлдээ аймгийг бүтээгдэхүүнээр хангадаг.
Аж үйлдвэр:
Социализмын үеэс Чойбалсан хот нь аж үйлдвэр - мал аж ахуйн аймаг гэж нэрлэгдэн өндөр хөгжсөн нь аж үйлдвэрийн салбартай холбоотой юм. Үүний жишээ нь, улсдаа том бөгөөд ховор үйлдвэр болох Мах комбинат, Хивсний үйлдвэр, Силикат тоосгоны үйлдвэр, Ноос угаах үйлдвэр зэрэг байв. Мөн аймгийн төвүүдээс цор ганц өөрийн гэсэн цахилгаан дулааны үйлдвэрлэгчтэй нь бөгөөд Дулааны цахилгаан станц 1968 онд байгуулагдсан. Одоогийн байдлаар Чойбалсан хотод махны үйлдвэр, гурилын үйлдвэр, асфальт замыг үйлдвэр, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр зонхилж байна. Асфальтны үйлдвэр нь жил бүрийн 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллах үед нэг цагт 100 тн, өдөрт 800 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай, жилд дунджаар 168 мянган тонн асфальт бетон хольц үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж Чойбалсан хотын бүтээн байгуулалтад ихээхэн хувь нэмрээ оруулдаг. Дорнод мах маркет ХХК-ийн махны үйлдвэр нь дунджаар 300,000 толгой мах бэлтгэх хүчин чадалтай. Чойбалсан хотын хэрэглэгчдийг махаар хангахаас гадна нийслэлийн хүн амд хямд, чанартай мах нийлүүлэх зорилгоор жилд 700 тн мах нөөцөд бэлтгэдэг. Одоогоор Иран, Ирак, Катар, Кувейт, ОХУ, Казкастан, Киркиз, Үзбекстан, Азербайжан, Тажикистан зэрэг орнууд руу жилд дунджаар 1000-1500 тн мах экспортлодог.
Чойбалсан хотын хөгжлийн чиг хандлага:
Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь шинжлэх ухаан технологи, гадаад харилцаа тэргүүлсэн, байгаль орчин, аялал жуулчлалын бүс нутаг болох явдал юм.
Чойбалсан хотод гадаад харилцаа, мэдээлэл, технологи, уул уурхайн үйлвэрлэл, аж үйлдвэрийн парк, бөөний худалдаа, бөөний сүлжээ, жижиг дунд үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, хот орчмын бүсэд аялал жуучлал, эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх болно.
Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хот нь олон улсын төмөр зам, Азийн хурдны авто зам бүсийн төвийг дайрснаар Европ, Ази, Номхон далайн орнуудад гарах гарцууд, хилийн боомтуудын гурвалын төвд байрлаж олон улсын худалдаа, бараа солилцоо, гаалийн баталгаат агуулахын бүс бий болж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, мэдээлэл, техник технологи нэвтэрч аж үйлдвэрийн парк байгуулах улмаар худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломж бүрдэнэ.
Чойбалсан хот нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Манжуур, Хөлөнбуйр хот, Хайлаар дүүрэг, Шилийн голын аймгууд, Ляонин Мужийн Жинжөү хот, Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн хязгаарын Чита, Борзя хоттой хамтын ажиллагаатай бөгөөд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хамтран ажиллаж байна.