Чойбалсан хотод аж үйлдвэр, хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах талаар санал авч байна

genplan-ongot

Эдүгээ дэлхий дахинаа 135 гаруй оронд ажиллаж буй 3000 гаруй чөлөөт бүс нь 63 сая хүнийг ажлын байраар хангаж 500 тэрбум долларын бараа эргэлт гүйцэтгэж байгаа гэсэн тооцоо судалгаа байдаг юм байна. Мөн худалдааны чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүс, үйлдвэрлэлийн парк, шинжлэх ухаан технологийн бүс гэсэн үндсэн төрлүүдээр үйл ажиллагаа явуулдаг, их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэнээс хойш нэлээд хугацааны дараа үр дүн нь мэдрэгддэг утгаараа Чөлөөт бүсийн төсөл онцлог юм.

Чөлөөт бүсийн тухай Монгол улсын хуульд чөлөөт бүс байгуулах зорилгыг “Тухайн бүсэд эрх зүй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлснээр иргэн, аж ахуйн нэгжийн экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх, тэргүүний техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэхэд оршино” хэмээн тодорхойлсон байдаг. Эндээс харвал чөлөөт бүсийг байгуулахын хамгийн гол зорилго нь экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг дэмжих юм. Чөлөөт бүсэд байрлалтай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх арга хэмжээ авдаг. Үүнд гаалийн татвар, нэмүү өртөгийн албан татвар, орлогын татвар гэх мэт татвараас чөлөөлөгдөх эсвэл хөнгөлөлт эдлэх боломжууд орно.

2014 онд Хэрлэн сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 2,5 тэрбум төгрөг байсан бол 2015 онд 160,0 сая төгрөгөөр батлагдаж 15,6 дахин багассан. Энэ нь орон нутагт хөрөнгө оруулалтын ажил хийх боломжийг хаасан. Гэсэн ч бид өөрсдийн нөөц боломж, хөрш зэргэлдээ орнуудын найрамдалт харилцааны үр дүнд хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж байгаа.

Улс орны эдийн засгийн байдал хүндэрснээс томоохон үйлдвэрлэл, худалдааны газрууд орон тооны цомхотгол хийж байна. Мал махны үнэ буурч малчид, иргэд маань орлогогүй болох амьжиргаа буурах, ажилгүй иргэдийн тоо улам нэмэгдэх хандлагатай байна. Энэ бүгдийг шийдвэрлэхийн тулд олон улсын туршлагын дагуу чөлөөт бүс байгуулах нь зүйтэй юм.

Чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт үйлдвэр худалдааны маш олон хөнгөлөлт үзүүлдэг, чөлөөт бүсэд үйлдвэр шинээр нээн хөгжүүлэх нь саад бэрхшээл багатай тул гадаадын хөрөнгө оруулагчид тухайн бүс нутагт илүү их хөрөнгө оруулалт хийдэг юм байна. Үүнтэй уялдан улс оронд шинэ технологи нэвтрэх явдал нь түргэсдэг ажээ. Мөн гадаад, дотоодын  хөрөнгө оруулалт төвлөрч худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний олон салбар шинээр нээгдэж олон мянган хүн ажлын байраар хангагдаж ядуурлыг бууруулах зэрэг эдийн засаг, нийгмийн ач холбогдол асар их юм.Гадаад орнуудаас чөлөөт бүсэд бараа таваар оруулахад мөн чөлөөт бүсээс гадаад орнуудад бараа таваар гаргахад Монголын тал гаалийн татвараас чөлөөлнө.

Тиймээс Чойбалсан хотыг “Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн чөлөөт бүс” хэлбэрээр хөгжүүлэх нь ирээдүйгээ харсан шийдвэргэж бид үзэж байна. Улс орны болон бүс нутгийн хөгжлийн стратегийн чухал зорилтуудыг богино хугацаанд үр ашигтай шийдвэрлэхийн тулд ийм бүс байгуулдаг нь олон улсын туршлагаас харагдаж байна. Үүний тулд хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэх, дэд бүтцийг сайжруулах гээд олон чиглэлээр онцгой стратеги, бодлогоо боловсруулах шаардлагатай юм. Юуны өмнө чөлөөт бүсийн нутаг дэвсгэрийн хэмжээг зөв зохистой тогтоож, стратегийн ач холбогдлыг тодорхойлох нь чухал юм. Гэхдээ энэ бүхэнд нэмэлт судалгаа, хөрөнгө, мөнгө, цаг хугацаа хэрэгтэй нь тодорхой.

Чөлөөт бүс байгуулах нь бидний хувьд амьдралын шаардлагаар урган гарч байгаа зүйл, бас боломж юм. Манай улс чөлөөт бүс байгуулах боловсон хүчний чадавх сул, дэд бүтцийн хөгжил муу байгаа ч 2-5 жилийн цаадахыг биш 30-50 жилийн алсын хараатай төлөвлөн ажиллах шаардлагатай. Дэлхийн туршлагаас харахад хүчирхэг эдийн засагт шилжсэн орнууд 15-25 жилийн хугацаанд хөгжлийн өндөр түвшинд хүрч чадсан байдаг.

Чөлөөт бүс байгуулах нь олон талын ач холбогдолтой. Нийгэм эдийн засгийн хувьд гэвэл бүс, орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах эрчимжүүлэх, ХАА-н бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, өндөр технологиор үйл ажиллагааг дагнан явуулах компани үйлдвэрлэгчид бий болох. Харин төрийн бодлогын хувьд гадаадын хөрөнгө оруулалт, өндөр технологи, үйлчилгээ нэвтрүүлэх, өндөр мэргэшсэн хүмүүст шинэ ажлын байр бий болгох зэрэг болно. Харин хөрөнгө оруулагчдийн хувьд үйлдвэрлэлийг хэрэглэгчдэд ойртуулах, импорт, экспортын гаалийн татварыг тогтвортой багасгах, дэд бүтцийг хөгжүүлэх, хямд ажиллах хүчин ашиглах гээд олон зүйл бий.

Иймээс бид Засгийн газраас баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, орон нутгийн давуу талыг ашиглан /хоёр хөрш орон руу шууд хиллэдэг зэрэг/ аж үйлдвэр, хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхээр иргэдээсээ санал авч байна.

Polls

Sorry, there are no polls available at the moment.

One Response to Чойбалсан хотод аж үйлдвэр, хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах талаар санал авч байна

  1. Ene bl bj blomgv zvil hoich vede yu vldehg bdoh yost

    Иргэн
    2015 11.03 at 21:56
    Reply

Сэтгэгдэл бичих

.