Хэрлэн сумын ЗДТГ мэдээлж байна

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА, ТҮҮНИЙ ТАМГЫН ГАЗРЫН 2014 ОНЫ 05 ДУГААР САРЫН 26-НААС 06 ДУГААР САРЫН 06 -НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

 

Хэрлэн сумын Засаг дарга, түүний Тамгын газраас 2014 оны 05 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 06-ны  өдрүүдэд дараах ажлыг хийж  гүйцэтгэлээ. Үүнд:

1.Төрийн үйл ажиллагааны хүрээнд:
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн газраас 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлье” зүүн бүсийн зөвөлгөөнд  багийн Засаг дарга нар, сумын малчдын төлөөлөл 20 малчныг  хамрууллаа. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Батбаяр “Малын хулгайтай тэмцэхэд сумын гэмт хэргээс урьдчилан  сэргийлэх зөвлөлөөс зохион байгуулсан ажил”-ын талаар илтгэл тавьсан.

Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор “Чойбалсан хотын нийтийн эзэмшлийн зам, талбайд байгаа эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцах баг, байгууллага, тухайн эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцах байгууллагууд”-ын нэрсийг баталсан ба  10 багийн ажлын алба, Чойбалсан хөгжил, Гэрэл сэтгэмж ОНӨҮГ, СӨХ-д нийт 21 эд хөрөнгийг хариуцуулав.

Сумын Засаг даргын 2014 оны А/199 дүгээр захирамжаар Хан уулын тахилгыг 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа. Бэлтгэл ажлын хүрээнд “Чандмань тал” ХХК, “Чойбалсан-хөгжил” ОНӨҮГ-тай хамтран Хан-Уулын суваргыг завсарлан суварга тойрсон овоог сэргээн босгож, далбаануудыг шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэв. Мөн уул, орчмын эргэн тойрны талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг 2 удаа  хийлээ.
Хан-уулын тахилгын ёслолд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, аймгийн Засаг даргын орлогч М.Бадамсүрэн  нар оролцож, 3 насны морь уралдуулж, наадам зохион байгуулав.

Аймгийн Засаг даргын 2014 оны А/63 дугаар захирамжийг хэрэгжүүлэх “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн чиглэлээр шалган туслах үзлэг шалгалтыг 06 дугаар сарын 02-10-ны хооронд зохион байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан удирдамжийг сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа зам барилгын 30, уул уурхайн 2, үйлдвэрлэл, үйлчилгээний 60 гаруй  албан байгуулллага, аж ахуйн нэгжид хүргүүлэв. Дээрх ажлын хэсэгт сумын Засаг даргын Тамгын газраас оролцож, зам, барилгын салбарын 14 компанид, ажил олгогчийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль”-ийн хэрэгжилтэд үзлэг шалгалтыг хийлээ.

Усан оргилуурыг ажиллагаанд оруулах зорилгоор 10 гэрэлтүүлэг болон усан сангийн тогоог засварлан, өнгө будгийг сэргээсэн. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар хотын Засгийн ордноос ирүүлсэн 6 моторыг суурилуулж, бүрэн шинэчилснээр усан оргилуур хэвийн ажиллаж байна.

Монгол улсын  Ерөнхийлөгчийн зарлигаар 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхчүүдэд “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолыг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газарт зохион байгуулж, 74 эхэд “Алдарт эх”-ийн 2 дугаар одонг гардуулав. Тус сумын 8 эх “Алдарт эх”-ийн 1 дүгээр одонгоор шагнагдсан байна.

Чойбалсан хотын Захирагчийн ажлын албанаас аймгийн Засаг даргын 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн хүрээнд”  хийгдэх тус суманд хамааралтай 30 заалт, сумын Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн хүрээнд” хийгдэх 25 ажлын хэрэгжилтийн  2014 оны эхний хагас жилийн тайланг тус тус гаргаад байна.

Чойбалсан хотын ерөнхий төлөвлөгөөний хэсэгчилсэн тохижилтын эскиз зурагт анимейшн хийлгэх зорилгоор орон сууцны хорооллуудын дундах тохижилт, хотын авто зам, хөшөө, дурсгалт газруудын тайлбарыг боловсруулав.

2. Мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлын хүрээнд:

Хэрлэн сумын Засаг дарга, түүний Тамгын газарт  05 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 06-ны хооронд иргэдээс 17  өргөдөл,  хүсэлтийг хүлээн авч,  /дэмжлэг тусламж хүссэн 10, иргэний бүртгэлийн асуудлаар 3,  бусад асуудлаар  4/  шийдвэрлэсэн.

Тус сумын 10 багийн ажлын алба  нийт 960  иргэнд төрийн үйлчилгээ үзүүлж,  326 өргөдлийг аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс,  82 өргөдөл хүсэлтийг бусад газарт уламжлан, 520  иргэнд багийн Засаг даргын болон оршин суугчийн тодорхойлолт олгож, иргэдэд хэрэгцээ шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан байна.
Хэрлэн сумын “Иргэний танхим”-ын 7058-3131 нээлттэй утсанд  иргэдээс 14 санал, гомдол, хүсэлт ирсэн бөгөөд 12, 13, 14, 16, 17, 33, 37 дугаар байрны дээврээс борооны ус гоожиж байгаа асуудлаар 10, хөдөө аж ахуйтай асуудлаар 1, төрийн үйлчилгээний талаар 2, золбин нохойны асуудлаар 1 бусад  асуудлаар 2 санал гомдол гаргаж, хариуцсан мэргэжилтнүүд хяналтад авч, хариуг эздэд эргэн мэдээлж ажиллав.

3.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хүрээнд:

Сумын Засаг даргын “Ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах тухай” 2014 оны А/171 дүгээр захирамжийг хэрэгжүүлж, 05 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 20-ны хооронд Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, сууц өмчлөгчдийн 9 холбоо, 10 багийн ажлын алба, “Эгэл альфа” ХХК-тай хамтран ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгууллаа. Дээрх ажлын хүрээнд гэр хорооллын бие засах газрын 53.3 хувь, бохирын цооногийн 31.1 хувь, 7-н багийн нутаг  дэвсгэрт үүссэн хур хогийн 14 цэгийн 3680 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн бөгөөд “Наран өргөө”, “Өв тэгш-эрх”, “Дөрвөн өргөө” зэрэг сууц өмчлөгчдийн холбоодуудын ариутгалын ажил эхлээгүй байна. Ариутгал халдваргүйтгэлийн ажилд багийн ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран хяналт тавих ажлыг зохион байгуулж байна.

Сумын хэмжээнд Хүнс, тэжээлийн дэмжлэгт хамрагдаж, хүнсний эрхийн бичиг авах 1436 өрхийн 7935 хүн амын 88 хувь нь хамрагдаж /06 дугаар сарын 06-ны байдлаар/,  хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүр, худалдааны төвүүд иргэдэд хүнсний бараа олгож байна. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой  эмзэг бүлгийн 1 иргэнд 50000, хүнд өвчний улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай 2 иргэнд 100000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламжийг үзүүлэв.

Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 15 иргэний өргөдлийг амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, сумын Засаг даргын захирамжаар баталгаажуулан Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст хүргүүлэв.

АНУ-д зохион байгуулагдах өсвөрийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох  ерөнхий боловсролын сургуулийн 4 суралцагчийн замын зардалд 800000 төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7 дахь заалтанд үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 155 дугаар зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд мэдлэг туршлагатай ахмад мэргэжилтнүүдийн сүлжээ, баг ажиллаж, тэдгээрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Ахмадын зөвлөх үйлчилгээ төслийн үйлчилгээний төрөл” төсөл хөтөлбөрт  бүлгүүдээс ирүүлсэн  төслийг хүргүүлээд байна.
Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас “Хөдөлгөөн эрүүл мэнд, урт наслалт” аяны 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан нээлтийн үйл ажиллагаанд нийт 280 гаруй иргэн хамрагдлаа.
4. Боловсрол, соёлын асуудлын хүрээнд:

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр сумын Засаг даргын Тамгын газраас хүүхэд, өсвөр үед монгол  үндэстний ёс заншил, соёлын өв уламжлалыг  түгээн дэлгэрүүлэх, төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах зорилгоор “Монгол наадгай” хотхон гаргасан. Мөн сумын Засаг дарга Ж.Энхцэцэг амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл өрхийн 100 хүүхдэд гарын бэлэг гардууллаа.
Эх, үрсийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд тус сумын 1, 3, 6, 8, 14 дүгээр цэцэрлэгүүд, 8, 11 дүгээр сургууль, МАК сан, “Онон Эрдэнэ” ХХК, “Түшнээ” ХХК, “Ольхон” ХХК, “Дорнод Гурил” ХХК дэмжлэг үзүүлсэн. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас ирүүлсэн бэлгийг амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 200 өрхийн 200 хүүхдэд багийн ажлын албатай хамтран хүргэлээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс тус сумыг “Хүүхдээ дээдлэгч сум“-аар, “Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэгийг  тус тус шалгарууллаа.

Багийн Иргэдийн Нийтийн Хурал, 10 багийн ажлын алба хамтран 3000 гаруй хүүхдүүдийн дунд гүйлтийн болон дартсын тэмцээн, “Мөлхөө жаал,” “Жаргалтай бага нас” өдөрлөг зохион байгуулж, авъяас чадвараа сорьж, түрүүлсэн хүүхдүүдийг шагнаж урамшуулсны дээр 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн өдөр нь тохиосон, хөгжлийн бэрхшээлтэй, баярын арга хэмжээнд оролцсон 800 гаруй хүүхдэд зайрмаг түгээх, гарын бэлэг өгөх, тэдний санал хүсэлтийг сонсох зэргээр баярыг  өргөн хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлэв.

Сумын Засаг даргын А/138 дугаар захирамжийн хүрээнд “Гэр бүл, олон нийтийн хөгжлийн төв” ТББ-аас хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрийг эс хайхрах хүчирхийллээс хамгаалъя” төслийн үйл ажиллагааны явцын тайланг мэдээлэх, эцэг эхийн хараа хяналтаас хол сургуульд сурдаг хүүхдэд үзүүлэх үйлчилгээний менежментийг боловсруулах, сургуулийн болон багийн нийгмийн ажилтнууд хамтран зорилтот бүлгийн хүүхдүүдийн мэдээллийн сантай болох, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр сургалт зохион байгуулж,  10 багийн нийгмийн ажилтнууд оролцлоо.

Буриад үндэсний өв уламжлал, соёл урлаг, спортын “Алтаргана-2014” олон улсын наадамд оролцох сумын авъяастнуудыг шалгаруулах уралдааныг 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан. Тус шалгаруулалтад буриад ардын дууны төрлөөр 4, мэргэжлийн дуулаачдын төрөлд 2, буриадын уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгийн төрлөөр 2, нийт иргэн оролцлоо.  Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсгээс шалгаруулалтын дүнг гаргана.

“Хонхны баяраа эрдмийн баяр болгоё” уриан дор Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, МАК сантай хамтран ахлах ангийн суралцагчдын дунд “Ном уншицгаая-Номтой нөхөрлөцгөөе” Титэм үг илтгэлийн уралдааныг 2 үе шаттай  зохион байгууллаа.

Уг уралдаанд Хэрлэн сумын 9 сургууль,  хөдөөгийн 3 сургууль оролцож  “Манлайлагч сургууль”-аар Хан-Уул цогцолбор сургууль, багш нарын илтгэлийн уралдаанд мөн сургуулийн багш Г.Жаргалтуяа түрүүлсэн. Суралцагчдын илтгэлийн төрөлд 1 дүгээр сургуулийн суралцагч 1, 5 дугаар сургуулийн суралцагч А.Ангирмаа 2, 2 дугаар сургуулийн суралцагч н.Цолмон 3 дугаар байрыг тус тус эзэлж, Хонг Конг-д амрах эрхийн бичиг гардан авлаа.

5.Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний асуудлын хүрээнд:

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан “Малчдын зөвлөгөөн”-д оролцсон малчдаас гарсан санал хүсэлтийн дагуу авах арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад танилцуулав.

Сумын Засаг даргын А/189 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын нөөцийн 30 тн өвсийг битүү агуулах буюу хуучин Спорт хорооны байранд шилжүүлэн хадгалах ажлыг зохион байгуулсан.
2014 оны хагас жилийн малын түүвэр тооллогыг зохион байгуулах тоологч нарт зөвлөгөө өгч, тооллогонд гарах бэлтгэл ажлыг хангав. Түүвэр тооллогод ажиллах ажлын 3 хэсэг 2014 оны 06 дугаар сарын 07-10-ны өдрүүдэд төвийн болон хөдөөгийн малчдаар явж ажиллана.

Сумын хэмжээнд 28226 төл бойжиж, төл бойжилт 99,4 хувь, оны эхний 42684 хээлтэгчийн  64,2 хувь нь төллөөд байна.  Оны эхний хагас жилийн байдлаар 162 том мал хорогдсон нь нийт малын 0.15 хувийг эзэлж байна.

2014 онд сумын хэмжээнд 48,7  га-д төмс, 29,2 га-д нарийн ногоо, 2,0 га-д малын тэжээлийн ургамал, 2,0 га-д улаан буудай, жимс, жимсгэний суулгац 6,0 га талбайд 315 өрх, 14 аж ахуйн нэгж тариалалт хийгээд байна.
Сумын хүнсний ногоо тариалдаг 100 өрхөд манжин, лууван, ногоон сонгинын үрийг багийн ажлын албаар дамжуулан олгосон.

6.Газрын асуудлаар:
Газрын харилцааны талаар  90 гаруй иргэний санал хүсэлтийг хүлээн авч, хэрэгцээ шаардлагатай мэдээлэл зөвлөгөөг өгч ажиллалаа.
Иргэдээс газрын кадастрын зураг зуруулахаар өгсөн өргөдлөөс 32 зургийг зурж, сумын Засаг даргын баталгаажуулсан  кадастрын зургийг  20 иргэнд  олголоо.
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэдийг гаргах шийдвэрийн дагуу  тухайн иргэдэд олгох газрын байршлыг 1 дүгээр багт тогтоон өргөдлийг хүлээн авч байна.
Сумын гэр хорооллын эгнээ гудамжийг хаягжуулах ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “АСБЭ” ХХК-тай хамтран хаягжуулах ажлын бэлтгэлийг хангах зорилгоор хаягийн тодруулгыг хийж гүйцэтгэв.
Газрын харилцааны асуудлаар 2 иргэн, 1 аж ахуй нэгжийн маргааныг шийдвэрлэхээр газар дээр нь ажиллан, 1 иргэний маргааныг шийдвэрлэсэн бөгөөд 1 иргэний асуудлыг шийдвэрлэхээр судалж байна.

7. Орчны тохижилт, хог хаягдлыг шийдвэрлэх хүрээнд:
Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй “Журмын хашаа”, орон сууцны  8, 10, 46 дугаар байр, Политехник коллежийн багш нарын 3, 7 дугаар байрны дээврийг шувуун оройтой болгох ажлыг гүйцэтгэж буй “Сүхжин” ХХК, “Дөшийн нуруу” ХХК-ийн ажилтай Захирагчийн ажлын алба, “Өв тэгш-эрх”, “Анхдагч өргөө”, “Чойбалсан өргөө” СӨХ  болон оршин суугчид, багийн ажлын алба ажлын гүйцэтгэлийн явцтай танилцав.

Чойбалсан хотоо “Жишиг ногоон хот” болгох зорилтын хүрээнд байгууллага, аж ахуйн нэгжүүдэд мод бут, сөөг тарих ажил үргэлжлэн хийгдэж байна. Сургууль, цэцэрлэг, Сууц өмчлөгчдийн холбоодууд өөрийн  эзэмшлийн орчныг тохижуулж, хайлаас, улиас, гацуур, нарс зэрэг 2600 ширхэг мод бут суулгаж, байгууллагууд 2000 м2  талбайд зүлэг, 800 гаруй  цэцгийн мандал  тариад байна.

Хэрлэн сумын 8 дугаар багийн ажлын албанаас иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, мэдээ мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор гэрэлтүүлэгтэй, мэдээллийн шилэн самбарыг шинээр хийж, иргэдэд хүргэх зар мэдээллийг байршуулсан байна.

Мөн 1 дүгээр багийн ажлын албанаас байрныхаа дотоод орчинг тохижуулж, иргэдэд сэдэл өгөх үүднээс шатны маршийн хэсэгт онч мэргэн үгсийг байрлуулсан байна.

Хэрлэн сумын иргэний танхим

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.