Хотын төвөөс мал гаргах талаар олон нийтээс санал асуулга авлаа

“Чойбалсан хотын төвөөс малтай өрхийг гаргахад иргэд олон нийтийн оролцоо” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн дунд санал асуулга явууллаа.  Хэрлэн сум 10 баг, 12023 өрх, 41678 хүн амтай. Үүнээс 1, 2, 3, 4, 5, 7, 8, 10 дугаар багуудад хотын хориглосон бүс дотор 122 малтай өрх бий. “Чойбалсан хотын төвийн малтай өрх”-ийн талаар санал асуулгыг 5 дугаар багаас бусад 9 багийг сонгон баг тус бүрийн 100 хүнийг оролцуулсан юм.

Санал асуулгад 900 өрхийн 900 иргэн хамрагдсан. Үүнээс эрэгтэй 383, эмэгтэй 517, 18-25 насны 122, 26-45 насны 357, 46-аас дээш насны 421 хүн санал өгсөн байна. Судалгаанаас үзэхэд нийгмийн амьдралд эмэгтэйчүүд голчлон оролцож байгаа нь харагдаж байна. Санал асуулгад оролцсон нийт иргэний 95 буюу 10,5 хувь нь хотын хориглосон бүсэд мал маллаж буй өрх, 46 буюу 5,1 хувь нь хотын мал маллахыг зөвшөөрсөн бүсэд малтай өрх байна.

Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 320 буюу 35,5 хувь нь хотын төвд мал байснаар ногоон байгууламжийг сүйтгэдэг, малын гоц халдварт өвчин гарах аюултай гэсэн хариулт өгчээ. Судалгаанд оролцогсдын дунджаар 157 хүн буюу 17,4 хувь нь хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлдөг, малын хулгай гарах нөхцлийг бүрдүүлдэг, зам талбайг бохирдуулдаг гэж хариулсан байна.

“Хотын төвд байгаа малтай иргэд малаа байнгын хариулгатай байлгадаг уу” гэсэн асуултад 212 хүн буюу судалгаанд оролцогсдын 23,5 хувь нь “Тийм” гэж хариулсан нь хотын төвийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжид мал орж сүйтгэж байгааг ард иргэд анзаарч байдаг нь харагдаж байна.

“Та хотын малтай өрхүүдийг хотоос гадагш гаргах шийдвэрийн талаар ямар бодолтой байна вэ” гэсэн асуултад тийм гэсэн хариултыг 353, хотын ойролцоо нэгдсэн журмаар гаргавал зүгээр гэсэн хариултыг 368 хүн өгсөн байна. Үүнээс харахад санал асуулгад оролцсон иргэдийн 80,1 хувь нь хотын ойролцоо нэгдсэн журмаар малтай өрхүүдийг гаргах нь зүйтэй гэдэг шийдвэрийг дэмжиж байгаа нь харагдаж байна. Мөн хотын захад “Малтай өрхийн хороолол” буй болгохыг 676 хүн дэмжсэн байна.      .

Хотын төвөөс мал гаргах ажпыг ямар хэлбэрээр зохион байгуулж болох талаарх асуулгад дийлэнх нь дэд бүтэц, газраа шийдээд хотын ойролцоо малтай хороолол бий болгох нь зүйтэй гэсэн саналыг өгсөн байна.

Хөтөлбөр хэрэгжүүлэгч баг

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.