Өнөөгийн Чойбалсан хот

ЧОЙБАЛСАН ХОТЫН ТҮҮХ, ХӨГЖЛИЙН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА.
Choibalsan khot LOGOТовч түүх:
Дорнод аймгийн төв Чойбалсан хот нийслэл Улаанбаатар хотоос зүүн тийш 655 км-д орших бөгөөд хойт талаараа Адуунчулууны нүүрсний уурхай, урд талаараа Хэрлэн гол, баруун, зүүн талаараа жижиг гүвээ толгодоор хүрээлэгдсэн 28,3 мянган га талбай бүхий нутагтай, уртаашаа 20 км сунаж тогтсон манай улсын том хотын зэрэглэлд ордог хот юм.
Монгол улсын шинэ үндсэн хуулинд Монгол улсын Засаг захиргааны нэгж аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо байна гэж заасны дагуу 1994 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Чойбалсан хот нь Хэрлэн сум болон зохион байгуулагджээ.
Чойбалсан хот нь засаг захиргааны нэгж Хэрлэн суманд харъяалагддаг ба Хэрлэн сум нь 10 багтай, 12,0 мянган өрх, 41,7 мянган хүн амтай, нийт хүн амын 48 хувь нь төвлөрсөн хангамжтай орон сууцанд амьдардаг.
Анх 1821 онд Халхын Сэцэнхан Шолойн удмын Минжүүрдорж бэйсийн санаачилгаар шашин номын жасаа болон хошуу Тамгын газар бүхий сууринг барьж байгуулан шавыг тавьж, 1826 онд жасаа, Тамгын газар баригдаж байжээ.
Улмаар 1923 онд Ардын засгийн газраас баталсан тогтоол, дүрмийн дагуу Баянтүмэн Хан–Уулын хошууны төв, 1931 оноос “Баянтүмэн” аймгийн төв, 1938 оноос БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Баянтүмэн хотын захиргааг байгуулах шийдвэр гарч, одоогийн Чойбалсан хот анх үүсэн байгуулагдсан байна. Ардын Хувьсгалын 20 жилийн ойгоор буюу 1941 онд Чойбалсан хот болон өөрчлөгдсөн.
1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны хүнд жилүүдэд эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах ариун үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, тэмцэл, ялалтын найдвартай ар тал болж, иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн Чойбалсан хотын иргэд, хөдөлмөрчид, Баянтүмэнгийн цэргийн хүрээний анги нэгтгэлүүдийн түүхэн гавъяа, хотынхоо бүтээн байгуулалтад хүч хөдөлмөр, оюун ухаанаа дайчлан ажилласан үе үеийнхний амжилт бүтээл, эх орны хөгжлийн тулгуур, наран ургах зүгийн их хотын хөгжил цэцэглэлтийг үнэлэн Монгол улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 83 дугаар зарлигаар Чойбалсан хотыг Төрийн дээд шагнал “ЦЭРГИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнасан юм. Үүнтэй холбогдуулан жил бүрийн 09 дүгээр сарын 28-ны өдрийг “Алдар гавъяаны баярын өдөр”, Чойбалсан хотын баярын өдөр буюу төрсөн өдөр болгон тэмдэглэж байхаар заншсан билээ.

Нийгмийн салбар:
Манай хотын төвд боловсролын болон эрүүл мэндийн системийн байгууллагууд өргөжин, Зүүн бүсийн Оношлогоо эмчилгээний төв, өрхийн эмнэлгүүд 3 /6 өрхийн эмнэлэг байсныг нэгтгэж 3 болгосон/, “Дорнод Монголын Дээд сургууль” /1991 онд анх Багшийн коллеж нэртэйгээр/, 2002 оноос “Шинэ зуун” хувийн дунд сургууль, 2004 оноос “Шинэ хөгжил” цогцолбор сургууль, 6-р сургууль , 2005 оноос “Flоwеr” хувийн дунд сургууль, нийт 12 сургууль, 9 цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс улсын тэргүүний сургууль 2 /I, V сургууль/, улсын тэргүүний цэцэрлэг 4 /I, VIII, X, XIV цэцэрлэг/ байна.
Мөн хүүхэд залуучуудын чөлөөт цагийн “Залуус” талбай, Бурхан Буддагийн цэцэрлэгт хүрээлэн, “Усан оргилуур”-ыг 2005-2012 онуудад бүтээн байгуулаад байна.

Дэд бүтэц:
Хотын гол замын сүлжээ хэвтээ хос замаас тогтсон байдаг. Чойбалсан хотын дотор төв болон хөндлөн урсгалт бетонон хучилттай зам 20 гаруй км, сайжруулсан шороон зам 60 гаруй км үргэлжилдэг.
2003-2010 онуудад төв замын 10 гаруй км замын 8000м2 талбайд нөхөн сэргээлт хийж засварласан ба ОХУ-ын Чита хотын нэрэмжит 600м, Агын Буриадын Автономит тойргийн нэрэмжит 800м, Худалдаачдын гудамжны 540м, Нуурын гудамжны 520м, Хивсний гудамжны 500м бетонон зам, Төмөр замын Баянтүмэн тасаг хүртэлх 1,7 км, Нисэхийн чиглэлд 1,9 км замуудыг тус тус шинээр тавьсан юм.
Чойбалсан хотын хэмжээнд 2010 оны байдлаар 5 давхар тохилог орон сууц 56 байна.Орон сууцны хангамжийн хувьд сумын нийт 11.6 мянган өрхийн 4,1 мянга нь амины орон сууцанд, 4,7 мянга нь тохилог орон сууцанд, 2,8 мянга нь гэрт амьдарч байна. Нийт хүн амын 50,2 хувь нь дулаан, цахилгаанытөвлөрсөн системд холбогдсон тохилог орон сууцанд амьдардаг.
Чойбалсан хотын цэцэглэн хөгжих үйл явцын хурдцад гадаад харилцаа, хамтын ажиллагаа цаг ямагт чухал байр суурийг эзэлсээр ирсэн. Мөнхийн хөрш ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар (Чита хот, Агын Буриадын Автономит тойрог), БНХАУ-ын Шандунь мужийн Хэзэ хот, ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймаг, Манжуур, Хайлаар хот, Жалантунь хот, Шинэ барга баруун, зүүн хошуу, Хянган аймгийн Рашаан хот, болон Австри улсын Кернтен мужийн Ферлах хотынхон манай хотыг хөгжин дэвжихэд их хувь нэмэр оруулсан.
2013 оны жилийн эцсийн байдлаар96,1 мянган толгой малтай, үүний 9.5 хувийг аж ахуйн нэгж, байгууллагын мал, 90.5 хувийг иргэдийн мал эзэлж байна.
Ерөнхий боловсролын төрийн болон хувийн 12 сургуульд 2012 оны байдлаар 8841 суралцагчид өдрөөр, 10 цэцэрлэгт 1910 хүүхэд боловсрол эзэмшиж байна.
Мөн Дорнод Монголын дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Шаталсан сургалттай Техник технологийн сургуульд /ШСТТС/2600 гаруй оюутан,сурагчид суралцаж, зүүн бүсийн хэмжээнд Дорнод Монголын дээд сургуульд багш, орчуулагч, нийгмийн ажилтан, аялал жуулчлал, эдийн засагч мэргэжлээр, ШСТТС-д нарийн бичиг, оператор, барилга, хөдөө аж ахуй болон бусад мэргэжлээр, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тогооч, мужаан, оёдолчин, бусад мэргэжлээр ажиллах хүчин бэлтгэж байна.
Үүнээс гадна соёл урлаг, спортын байгууллагууд болох Музей /байгалийн болон уран зургийн/, Хөгжимт Драмын театр, Дамдинсүрэнгийн нэрэмжит төв Номын сан, Спортын ордон /баригдаж байгаа/ зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 2004 онд Монгол улсын хэмжээн дэх 2 дахь бөхийн өргөө, 2012 онд орон нутгийн хэмжээн дэх анхны Хөгжимт Драмын театр ашиглалтанд орж, спорт, соёл урлагийн арга хэмжээнүүд энэхүү бөхийн өргөө, театрт зохион байгуулагдаж байна.
Сумын нутаг дэвсгэр дээр зэвсэгт хүчний 327, 085, 0132 дугаар ангиуд, аймгийн Засаг даргын дэргэдэх 20 хэлтэс, агентлагууд үйл ажиллагаагаа явуулж байна.
Түүнчлэн бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг маршал Х. Чойбалсангийн нэрэмжит олон улсын Нисэх онгоцны буудал, Улаанбаатар Төмөр замын Баянтүмэн тасаг, “Дорнод бүсийн эрчим хүчний систем”ТӨХК, “Дорнод НАА” ХХК, Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төв, Гаалийн газар, Дорнод Монголын Дархан газрын захиргаа, Хүнс, барааны болон мал, амьтны гаралтай түүхий эдийн төрөлжсөн захууд ажиллаж байна.
Санхүү үйлчилгээний чиглэлээр Монгол банкны Дорнод дахь салбар болон арилжааны 6 банк, банк бус санхүүгийн 4 байгууллага, худалдаа үйлчилгээний 800 гаруй цэг, салбар хүн амд үйлчилгээ үзүүлж байна.
Чойбалсан хотод Монгол дайчдын хөшөө, Бөмбөгдөлтийн хөшөө, Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөө, ОХУ-ын баатар Кукушкины хөшөө, Даниелёвын командын байр, Жуковын байр, Маршалл Х.Чойбалсангийн хөшөө, Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөө, ОХУ-ын нисгэгч Н.Ф. Гастеллогийн хөшөө, ОХУ-ын баатар, пионер Зоя Космодмянскаягийн хөшөө зэрэг түүхт хөшөө, дурсгалт газрууд олон бий.
Чойбалсан хот маань улс,хот, аймагхоорондын мэдээлэл дамжуулах байгууламжболох сансарын холбооны VSAT систем, NEAXT-61 Е-10 системүүдээр дамжин дэлхийн бүх улс оронтой холбогддог. Үүрэн телефоны Мобиком, Скайтел, Юнитель, Жи Мобайл, Цахилгаан холбоо зэрэг салбарууд үйл ажиллагаагаа явуулж байна.
Чойбалсан хот нь хүн ам, эдийн засаг, нийгэм, оюуны төвлөрөл болсон, улс орныхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа хүн ам, хөгжлөөрөө Монгол улсынхаа эхний 4 дүгээрт багтдаг хот билээ.
Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын төрөл бүрийн эх үүсвэрээр орон сууцны барилга, хот байгуулалтын өнөө үеийн шаардлага хангахуйц олон тооны бизнес үйлчилгээний төвүүд баригдаж, иргэд, аж ахуйн нэгж байгууллага бүр бүтээлчээр ажиллаж хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.
Үүний үр дүнд 2007 онд Чойбалсан хот маань “Бүтээлч хот”, 2010 онд “Ногоон хот”, 2011 онд “Бүтээлч хот”-оор, Чойбалсан хотын “Таван чадан” ХХК-ийн Чадангууд цогцолборын барилга улсын “Шилдэг барилга байгууламж”-аар шалгарч байсан.

Хотын хөгжлийн эдийн засгийн үндэс өнөөдөр:
1. Адуунчулууны нүүрсний уурхай нь жилдээ 600000 тн нүүрс гаргах хүчин чадалтай, нөөц нь 400 сая тн.
2. Цахилгаан ба дулаан үйлдвэрлэдэг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХК нь 95МВт-ын хүчин чадалтай. Одоогоор “ДБЭХС” нь Чойбалсан хотыг дулаан, цахилгаанаар хангахаас гадна Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот, мөн тус аймгийн зарим сум, өөрийн аймгийн10 сумдыг цахилгаанаар хангаж байна. Төмөртэйн овооны цайрын орд,Улааны болон Цавын холимог металлын ордыг эрчим хүчний эх үүсвэрээр хангадаг.
З. Цэвэр усан хангамж, ариутгах татуурга, нийтийн ахуйн үйлчилгээг хариуцдаг “Дорнод НАА” ХХК, хог цэвэрлэгээ, орчны тохижилт хариуцдаг “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ, гэрэлтүүлэг, реклам чимэглэл хариуцдаг “Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ зэрэг орон нутгийн өмчийн байгууллагууд тус тус үйл ажиллагаа явуулж, хотын хүн амын цэвэр, аюулгүй орчинд ая тухтай амьдрах, амьдралын чанарыг сайжруулах зорилтыг хангаж байна.
4. “Дорнод гурил” ХК-ийнГурилын үйлдвэр жилд 8000тн гурил, 6000тн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай, одоогийн байдлаар жилд хүн амын хэрэгцээт 4000 тн гурил, 2000тн тэжээл үйлдвэрлэж байгаа бөгөөд газар тариалантай хослуулах бодлоготой ажиллаж байна.Энэ жил тус компани нь 600 га-д усалгаатай газар тариалан эрхлэх байгууламж, системийг ашиглалтад оруулсан юм.
5. Махны үйлдвэрлэл худалдааны “Дорнод” ХК нь 1970 онд ашиглалтад орсон ба тус үйлдвэр нь хоногт 240 бод, 3000 бог нядлах хүчин чадалтай, 2000 тн мах хадгалах зоорь, малын арьсанд анхан шатны боловсруулалт хийх 6 цех, хиамны цехтэй юм. Одоогоор хүчин чадлынхаа 20 хувийг ашиглаж байна. “Дорнод мах” ХК-ийн суурин дээр “Дорнод мах маркет” ХК 2008 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2009 оны эцсийн байдлаар чанар технологийн шаардлага хангасан 201.3 тн үхрийн мах, 104.6 тн адууны мах хүнсний хэрэглээнд бэлтгэсэн байна.
6. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Жишээлбэл: “Улз ус” ХХК, “БД” ХХК-иуд нь цэвэр усны дэвшилтэт техник, технологи, сав, баглаа боодлыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, Монгол улсын стандарт 5007:2003 шаардлагыг ханган, цэвэршүүлсэн усыг жилд 8,0 тонн үйлдвэрлэж, зүүн гурван аймгийн цэвэр усны хэрэгцээг хангаж байна.
“Их чулуут” ХХК–ийн мал нядалгааны төвлөрсөн цэг нь мах, дотор мах, дайвар бүтээгдэхүүнийг жилд 8858.2 тн үйлдвэрлэн, махны худалдааны төвлөрсөн цэгүүдийг болон хүн амын махны хэрэгцээг хангаж байна.
Хүнсний үйлдвэрлэлийн салбарт “Найнги”, “Дорнын тал”, “Түшнээ”, “Дэлгэр бэйкери”, “Амттан”, “Дэлбээ”, “Түрүү” зэрэг аж ахуйн нэгж, хүнсний цехүүд үйл ажиллагаа явуулж, дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.
Мөн Бизнес инкубатор буюу иргэдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих төв нь үйлдвэрлэл эрхлэхээр сонирхож буй иргэд, байгууллагуудад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, шаардлагатай байр, тоног төхөөрөмжөөр хангах, иргэдэд туршлагаа харилцан солилцох, хамтран ажиллах боломжийг олгодог бөгөөд төвийн хүрээнд хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг цех 3, зайрмагны үйлдвэрлэл эрхэлдэг цех 2, нарийн боовны үйлдвэрлэл эрхэлдэг цех 8, нийт 13 цехэд 58 хүн ажлын байраар хангагдан ажиллаж байна.
Чойбалсан хот орчимд мах, сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй, Хэрлэн голын сав нутагт эрчимжсэн газар тариалан хөгжүүлэх, уул уурхайн болон барилгын материалын үйлдвэрлэлийн эхлэлүүд тавигдаж, амжилттай ажиллаж байна.
Чойбалсан хот нь хотын барилгажсан дэвсгэр газрын хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ болох байгаль экологийн хүчин зүйлсийн үнэлгээгээр “тохиромжтой”, нийгэм-эдийн засгийн хүчин зүйлсийн үнэлгээгээр “тохиромжтой”, архитектур-орон зайн төлөвлөлт, ландшафтын хүчин зүйлсийн үнэлгээгээр “хязгаарлагдмал тохиромжтой”гэж дүгнэгдсэн ба дээрх 3 бүлгээр нэгтгэн хот байгуулалтын иж бүрэн үнэлгээг гаргахад “тохиромжтой” гэсэн үнэлгээтэй гарсан байдаг.
Чойбалсан хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын хөгжлийн тэргүүлэх чиглэл, хүн амын хэтийн төлөв, хөдөлмөрийн нөөц, нийгмийн дэд бүтэц, архитектур орон зайн төлөвлөлт, хотын цэцэрлэгжилт, ногоон байгууламж, инженерийн дэд бүтэц зэргийг удирдлага болгон цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлон Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрүүд, төслүүдэд хамрагдан хот төлөвлөлтийн шийдлүүдийг мөрдөн ажиллаж байна.

Чойбалсан хотын хөгжлийн чиг хандлага
Тус хотод Дулааны цахилгаан станц, Адуунчулууны нүүрсний уурхай, “Дорнод” мах импекс, савангийн үйлдвэр, “Дорнод” гурилын үйлдвэр зэрэг томоохон үйлдвэрлэл үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний зэрэгцээ хүнс, оёдол, арьс шир, модны чиглэлийн олон жижиг дунд үйлдвэр, 1000 орчим худалдаа, үйлчилгээний байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.
Хэтийн төлвөөр Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь шинжлэх ухаан технологи, гадаад харилцаа тэргүүлсэн, нийгэм, соёл үйлчилгээний төв болох явдал юм.
Чойбалсан хотод гадаад харилцаа, мэдээлэл, технологи, уул уурхайн үйлвэрлэл, аж үйлдвэрийн парк, бөөний худалдаа, бөөний сүлжээ, жижиг дунд үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, хот орчмын бүсэд аялал жуучлал, эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх болно.
Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хот нь олон улсын төмөр зам, Азийн хурдны авто зам бүсийн төвийг дайрснаар Европ, Ази, Номхон далайн орнуудад гарах гарцууд, хилийн боомтуудын гурвалын төвд байрлаж олон улсын худалдаа, бараа солилцоо, гаалийн баталгаат агуулахын бүс бий болж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, мэдээлэл, техник, технологи нэвтэрч аж үйлдвэрийн парк байгуулах улмаар худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломж бүрдэнэ. Мөн бөөний худалдаа, бөөний сүлжээний төв болно. Засгийн газраас Дорнод-Таван толгойг холбосон төмөр зам барих тухай шийдвэр гарч, төмөр замтай болсноор Чойбалсан хотын хөгжилд нилээд их хувь нэмэр оруулах юм.