Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2012-2016 ОНД

ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

 

  1. Төрийн удирдлагын хүрээнд:

1.1.Төрийн бодлогын талаар:

Төр, орон нутгийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг оновчтой зохион байгуулж, төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хариуцлагатай, шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг авлига, хүнд суртлаас ангид, төр, иргэний нийгмийн уялдаа холбоог хангасан, иргэдэд ээлтэй, нийгэмд тустай байлгахад  оршино.

1.1.1.Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг үр дүнд чиглэсэн, шударга, ил тод, нээлттэй байлгах, өндөр хариуцлагын тогтолцоотой төрийн албыг хөгжүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулахад онцгой анхаарна.

1.1.2.Иргэдийн санал, санаачлагыг төрд уламжлах, орон нутгийн бодлого шийдвэрт тусгаж хэрэгжүүлэх, иргэдийг үнэн зөв, бодит мэдээллээр хангах зорилгоор “Иргэдтэй уулзах өдөр”-ийг сум, багийн түвшинд улирал бүр зохион байгуулж ажиллана.

1.1.3.Төрийн байгууллагаас гаргах шийдвэрийн талаар хэлэлцүүлэг хийх, иргэдийн санал, хүсэлтийг сонсох “Иргэний танхим”-ыг байгуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулна.

1.1.4.Төрийн үйл ажиллагаанд иргэд бүхий л хэлбэрээр оролцдог байх бололцоог хангаж, иргэдийн зүгээс ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж, бусад шийдвэрүүдтэй  танилцаж байх  зорилгоор  цахим мэдээллийн санд байршуулна.

1.1.5.Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлж, төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

1.1.6.Төрийн албан хаагчдын ажил үүргийг тодорхой болгож, ёс зүй, ажлын хариуцлага, ур чадварыг өндөржүүлэн,   үндсэн чиг үүргээ чадварлаг  хэрэгжүүлэх, хуульд чанд захирагдах, авилга, хүнд суртлаас ангид байх, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай хүргэж ажиллах зарчмыг баримтална.

1.1.7.Төрийн албан хаагчдын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах, ажлын байран дахь сургалтыг тогтмол зохион байгуулах замаар тэдний манлайлах ур чадварыг дээшлүүлэн, нийгмийн баталгаа, ажиллах нөхцөл боломжоор хангана.

1.1.8.Засаг захиргааны анхан шатны нэгж багийн ажлын албадын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж, ажлын байрны нөхцлийг сайжруулах, төсөв, санхүүгээр дэмжих, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцлийг хангах арга хэмжээ авна.

1.1.9.“Цахим засаглал” хөтөлбөрийн хүрээнд багуудыг интернетэд холбоно.

1.1.10.Орон нутгийн мэдээ мэдээллийг шуурхай түгээх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах зорилгоор Чойбалсан хотын вэбсайт,  санал хүсэлтийн хайрцгууд тогтмол ажиллуулна.

1.1.11.Иргэний бүртгэлийн ажлыг сайжруулж, сумын хүн ам зүйн талаарх мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагааг шинэчлэн, багийн хүн амын бүртгэлийн ажлыг шинэ шатанд гаргана.

1.2. Гадаад харилцааны талаар:

Хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хот, хошуудтай сайн хөршийн харилцаагаа бататгаж, бусад улсын муж, аймаг, хотуудтай харилцаа холбоо тогтоон харилцан үр ашигтай байх зарчимд үндэслэн ажиллана.

1.2.1.Хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн дагуу “Хотын өдөр”, “Соёл урлагийн өдрүүд”-ийг ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын нийслэл Чита хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинэ Барга Баруун Хошуутай хамтран харилцан зохион байгуулна.

1.2.2.Чойбалсан, Чита хотуудын хурал, төр захиргаа, боловсрол, соёл, эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

1.2.3.БНХАУ-ын Жалантунь, Хайлаар, Манжуур, ОХУ-ын Чита хотод уламжлал болон зохиогддог Хятад, Монгол, Орос 3 улсын үзэсгэлэн худалдаанд Чойбалсан хотын үйлдвэр, аж ахуйн нэгж, иргэдийг өргөнөөр оролцуулж, Монгол улсын болон орон нутгийн бренд бүтээгдэхүүнийг гадаад зах зээл дээр сурталчлах, гэрээ хэлэлцээр байгуулж түншлэлийн харилцаагаа өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

1.2.4.БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Засгийн ордны тусламжтайгаар импортоор орж ирж буй барилгын материалыг орлох жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар хамтарч ажиллана.

1.2.5.Гуравдагч хөрш улсуудын хот, байгууллагуудтай түншлэлийн харилцааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулна.

1.3.Хуулийн хэрэгжилтийг хангах талаар:

Гэмт хэрэг, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидалт, хорт зуршилтай тэмцэх, иргэдийн амгалан тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хэв журмыг сахиулах, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ажлыг  холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

1.3.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллана.

1.3.2.Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, борлуулдаг аж ахуйн нэгжүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулж, архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй эрүүл идэвхтэй амьдралын хөдөлгөөн өрнүүлж, архидалтын эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэдийг дэмжин сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулна.

1.3.3.Малын хулгайтай тэмцэх зорилгоор иргэд, олон нийтийн оролцоо бүхий “Мал хамгаалах сан” болон мэдээллийн сүлжээ байгуулж, хуулийн байгууллагатай хамтран ажиллана.

1.3.4.Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт, сурталчилгааг тогтмолжуулж, нийтийн эрх ашигтай холбоотой шийдвэрт иргэдийн саналыг тусгаж ажиллана.

1.3.5.Чойбалсан хотод гэмт хэрэг их гарч болзошгүй газар, зам талбайг камержуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

1.3.6.Цагдаагийн хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгт дэмжлэг үзүүлж 4, 10 дугаар багт цагдаагийн кобан байгуулж, иргэдийн дунд ажил үйлчилгээ явуулах нөхцлийг бүрдүүлнэ.

1.3.7.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл болон олон нийтийн байцаагчдын ажлын үр дүнг сайжруулж, хэв журам сахиулах, хог хаягдалтай тэмцэх, ногоон байгууламжийг хамгаалах болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажилд татан оролцуулна.

2. ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН ОРЧИН, ТӨСӨВ САНХҮҮГИЙН ХҮРЭЭНД:

Орон нутгийн санхүүгийн чадавхийг бэхжүүлэн, хотоо хөгжүүлэх, тэтгэх эдийн засагтай байх боломжийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын үр ашиг, өгөөж нөлөөг өндөржүүлэн, ажлын байр бий болгох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн бизнест ээлтэй орчин бүрдүүлнэ. 

2.1.Татвар төлөгчдийн бааз суурийг өргөжүүлж, төсвийн орлогыг  нэмэгдүүлэх нөхцөл боломжийг судлан хэрэгжүүлэх замаар төсөвт орох орлогыг жил бүр өмнөх оноос 10 хувиар нэмэгдүүлэн, орон нутгийн төсвийн орлогыг жигд төвлөрүүлж  ажиллана.

2.2.Сумын төсөвт байгууллагуудын төсөв, санхүү, бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатган, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангана.

2.3.Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж, орон нутаг, иргэдэд хүргэх Орон нутгийн хөгжлийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

2.4.Төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг онлайн хэлбэрээр явуулж, иргэд, олон нийтийн хяналт, ил тод байдлыг хангана.

2.5.Сум хөгжүүлэх санг 1,0 тэрбумаас доошгүй төгрөгийн хөрөнгөтэй болгон,  зээлийн эх үүсвэрийг  жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг баримтлан олгож,  ажлын байр шинээр бий болгох, нутгийн брэнд болон импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулна.

2.6.Хувийн хэвшлийнхэнтэй хамтран бизнес форум, бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн худалдаа, тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

2.7.Хөрөнгө оруулалтыг урьдчилан төлөвлөхдөө иргэд, олон нийтийн саналыг тусгах, асуудлыг эрэмбэлэх, хэтийн хөгжлийн бодлоготой уялдуулах, нийгмийн эрх ашигт нийцсэн байх зарчмыг баримтлана.

2.8.Дунд хугацааны хөтөлбөр, аймаг,  хотын хөгжлийн цогц бодлогод тулгуурлан хөрөнгө оруулалт хийх барилга байгууламжийн зураг төсөв, бусад бичиг баримтыг урьдчилан боловсруулах зарчимд шилжинэ.

2.9.Хүн амын эдийн засаг, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

2.10.Чойбалсан хотод “Орон сууцны хөгжлийн сан”-г бий болгон иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг иргэн, төрийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлнэ.

3. НИЙГМИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

3.1. Хүн амын бодлогын талаар:

Хүн ам, гэр бүлийн хөгжлийг дэмжин, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн нийгмийн хөгжил, халамж, хамгааллын үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар  амьжиргааны түвшинг нь  дээшлүүлнэ.

3.1.1.Сумын хүн амын амьжиргааны түвшинг тогтоох судалгааг баяжуулан цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг тооцно.

3.1.2.Төр, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих замаар хүн амд үзүүлэх нийгмийн хөгжил,  хамгааллын үйлчилгээг сайжруулна.

3.1.3.Ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж,  жилд дунджаар 750-аас доошгүй иргэнийг түр болон байнгын ажлын байраар хангана.

3.1.4.Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ.

3.1.5.Нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд болон зорилтот бүлэгт нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээг үзүүлнэ.

3.1.6.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, тэдэнд боловсрол, эрүүл мэндийн болон бусад үйлчилгээг үзүүлнэ.

3.1.7.Сумын ахмадын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх замаар ахмад настны нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэнэ.

3.1.8.Орон гэргүй хүнд нөхцөлд амьдарч байгаа иргэдийг орон гэртэй болгох, орон гэрийн нөхцлийг сайжруулах шаардлагатай өрх гэр бүлийг дэмжих бодлого баримтална.

3.1.9.Хөдөлмөр эрхлээгүй иргэдэд  ур чадвар, дадлага эзэмшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, зөвлөгөө өгөх арга хэмжээ авна.

3.1.10.Мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уялдуулж, ажил олгогчийн захиалгад тулгуурлах, төгсөгчдийг ажлын байраар хангах талаар хамтран ажиллана.

3.1.11.Ажил олоход бэрхшээлтэй иргэд болон залуучууд, 40-өөс дээш насны ажил олоход хүндрэлтэй байгаа иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамруулна.

3.1.12.Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх төсөл, хөтөлбөрт хамруулах замаар орлогыг нь  нэмэгдүүлэх, ажлын байраар хангах арга хэмжээ авна.

3.1.13.Ахмад настан болон нийгмийн эмзэг бүлгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эхчүүдэд амьдрах орчноо сайжруулах, байгаль орчноо нөхөн сэргээх ногоон ажлын байр бий болгох боломжийг бүрдүүлнэ.

3.1.14.Залуучуудын хөгжлийн асуудлаар бодлого боловсруулж, хэрэгжүүлнэ.

3.1.15.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нөхөн сэргээх, хөгжүүлэх төвийг байгуулж, эцэг эхийн оролцоог дэмжинэ.

3.1.16.Хүүхдийн төлөө төвийн барилгыг өргөтгөх болон шинээр барих замаар Хүүхдийн ордон байгуулж, хүүхдийн хөгжлийн асуудлыг цогцоор шийдвэрлэнэ.

3.1.17.Эмнэлэг, сургууль болон үйлчилгээний газруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц, гарц  байгуулна.

3.2. Боловсролын талаар:

Хүүхэд багачуудыг өв тэгш хүмүүжилтэй, оюун ухаан, бие бялдрын өндөр чадамжтай, эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн боловсролын бодлогыг хэрэгжүүлнэ.

3.2.1.Сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын орчинг сайжруулж, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр ханган, материаллаг баазыг бэхжүүлнэ.

3.2.2.Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгүүд шинээр барьж, алслагдсан багт гэр цэцэрлэг ажиллуулна.

3.2.3.Орон нутагт шаардлагатай байгаа боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор амжилттай суралцаж буй нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хүүхдүүдэд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлнэ.

3.2.4.Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш нарыг ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлж, залуу багш нарыг дэмжих, Багш хөгжлийн төв”-үүд байгуулах ажлыг хэрэгжүүлнэ.

3.2.5.Албан бус боловсрол, зайны сургалтыг өргөжүүлж, албан бус сургалтын төвүүдийн сургалтын орчин нөхцлийг сайжруулна.

3.2.6.”Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтэд  хяналт тавьж, эрүүл, аюулгүй байдал, илчлэг чанарыг сайжруулан, бие засах газар, гар угаалтуурын тоог нэмэгдүүлнэ.

3.2.7.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын дунд нэрэмжит олимпиад, уралдаан зохион байгуулж, сэтгэн бодох, оюун ухааныг хөгжүүлэх болон мэдээллийн технологийг сургалтын орчинд өргөнөөр ашиглах асуудлыг дэмжинэ.

3.2.8.Сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн  удирдлага,  багш  нарыг  хөрш орны   боловсролын байгууллагуудтай хамтран ажиллахад нь тусалж, багш, оюутан солилцооны хөтөлбөрийг   хэрэгжүүлнэ.

3.2.9.Цэцэрлэг, сургуулийн удирдлага болон эцэг, эхчүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлж, хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулна.

3.2.10.Хэрлэн голын урд байгуулагдах их, дээд сургуулийн хотхоны дэд бүтцийг хөгжүүлэх талаар судалгааны ажлыг эхлүүлж, санал боловсруулна.

3.3. Соёл, спорт, аялал жуулчлалын талаар:

Орон нутгийнхаа нэрийг гаргадаг соёл урлаг, спортын салбарыг дэмжиж, хүн амд хүргэх соёлын үйлчилгээний чанарыг сайжруулан, тогтвортой хөгжилд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

3.3.1.Соёлын биет бус өв тээгчдийн мэдээллийн санд үндэслэн оюуны бүтээлийг картжуулах, судлах, сурталчлан түгээх  ажлыг зохион байгуулна.

3.3.2.Олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг урамшуулах, их спортоор хичээллэх хүүхэд залуучуудын тоог нэмэгдүүлэх, Оюутны их наадам, Монголын бүх ард түмний спортын их наадам, Хүүхдийн спортын их наадамд оролцох тамирчдад дэмжлэг үзүүлнэ.

3.3.3.Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулж, мэдээллийн сан, нэгдсэн маршрут, дэд бүтцийг бий болгох, парк, музей, цогцолборыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах ажлыг хэрэгжүүлнэ.

3.3.4.Түүх соёлын дурсгалт үзмэрүүдийг сэргээн засварлах, тохижуулах ажлыг хийж, хөшөө дурсгалт газруудын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор харуул, хамгаалалттай болгоно.

3.3.5.Аялал жуулчлал эрхлэгчдийг дэмжиж, орон нутгийн ахуй соёл, үзвэр үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүн, бизнесийн үйл ажиллагааг сурталчлах түшиц болгон,  гадаад, дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлнэ.

3.3.6.Багийн иргэд, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор урлаг соёл, спортын нэрэмжит уралдаан, тэмцээнүүдийг  зохион байгуулна.

3.3.7.Чойбалсан хотод ирэх гадаадын жуулчдыг хил, гаалиар ая тухтай, шуурхай, дараалалгүй нэвтрүүлэх талаар хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, аялал жуулчлалаас орон нутагт оруулах хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

3.4. Эрүүл мэндийн талаар:

Эрүүл мэндийн салбарын хөгжлийг эрчимжүүлж, хүн амд ээлтэй, тэгш, хүртээмжтэй, чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэнэ.

3.4.1.Хүн амыг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, эрүүл мэндийн байгууллага болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэн, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана.

3.4.2.“Асралт үйлс” өрхийн эрүүл мэндийн төвийг шинэ  байртай болгож, “Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн байранд өргөтгөл хийх замаар хүн амд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг чанартай үзүүлэх нөхцлөөр хангана.

3.4.3.Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, ажлын чанар, үр дүнг үнэлэн, ахлагч нарыг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлнэ.

3.4.4.Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, эхчүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, нөхөн сэргээх, асаргаа сувилгааны эмчилгээ, нэн ядуу  иргэдэд  үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

3.4.5.“Эрүүл сум, баг, ажлын байр, сургууль бий болгох” сумын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

3.4.6.Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

3.4.7.Халдвар судлалын үйлчилгээ, заавал хийх болон тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалт, халдварт өвчний голомтын ариутгал, халдваргүйтгэлд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

3.4.8.Эрүүл мэндийнхээ төлөө хүлээх гэр бүлийн хариуцлагыг дээшлүүлэх сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг эрчимжүүлнэ.

3.4.9.Хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор төрөх эмнэлэг шинээр барьж, хүүхдийн эмнэлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлого баримтална.

 

4. БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭНД:

4.1. Хот байгуулалт, дэд бүтцийн талаар:

Хот байгуулалтыг экологийн эрүүл орчинтой, архитектурын зохиомж сайтай оновчтой төлөвлөж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах замаар иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулна.

4.1.1.Мянганы зам”-ын дагуу Өндөрхаан-Чойбалсангийн хатуу хучилттай авто замын чиглэлд төв замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж,  зүүн, баруун гүүрийг хатуу хучилттай замаар холбон, Чойбалсан-Ульхан, Чойбалсан-Хавиргын боомтын чиглэлд хатуу хучилтай авто зам тавих ажлыг эхлүүлнэ.

4.1.2.Чойбалсан нисэх онгоцны буудал хүртэлх гэрэлтүүлэг бүхий хатуу хучилттай авто замыг барьж  ашиглалтад оруулна.

4.1.3.Чойбалсан хотын авто замын сүлжээг шинэчилж, төв болон туслах  замуудыг шинээр барьж байгуулна.

4.1.4.Гэр хорооллын гудамжны төв замуудыг гэрэлтүүлэг бүхий хатуу хучилттай авто зам болгон шинэчилнэ.

4.1.5.Зөвлөлтийн нисэгчдийн хөшөө рүү 600 м хатуу хучилттай авто зам,  гэрэлтүүлэг тавина.

 4.1.6.УБТЗ-ын Баянтүмэн тасгийг өргөтгөн олон улсын төмөр замын сүлжээнд холбоно.

4.1.7.Хот төлөвлөлтийн бодлогыг шинэчлэн боловсруулж, Чойбалсан хотын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийн, улсын зэрэглэлтэй хот болох асуудлыг  шийдвэрлүүлнэ.

4.1.8.Чойбалсан хотод үйлдвэрлэл технологийн парк байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

4.1.9.Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, усыг зүй зохистой ашиглах, ундны усны чанарыг сайжруулах бодлого явуулна.

4.1.10.Орон сууцны байруудын инженерийн шугам сүлжээг  шинэчлэн, сэргээн засварлана.

4.1.11.“1000 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлнэ.

4.1.12.Хотын инженерийн шугам сүлжээг өргөтгөн, гэр хорооллын багууд руу эрчим хүч, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг шинээр тавьж, амины орон сууц барих нөхцлийг хангана.

4.1.13.“Ивээл” хороооллыг дахин барилгажуулах, орон сууцны хороолол барьж байгуулах эхлэлийг тавина.

4.1.14.Орон сууцнуудын дээвэр, угсармал орон сууцны заадсын чигжээсийг нөхөн сэргээж засварлана.

4.1.15.  7, 9, 10 дугаар багийн  ажлын албадыг “Хүний хөгжлийн төв” бүхий шинэ байртай болгон, 1,4,6 дугаар багийн ажлын албаны байранд өргөтгөл, их засвар хийнэ.

4.1.16.Хотын дэд бүтцийг барьж байгуулах, хот тохижилт бүтээн байгуулалтын ажилд хувийн хэвшлийн оролцоог хангаж,  хамтран ажиллана.

4.1.17.Ажилгүйдлийг бууруулах, ахуйн үйлчилгээг сайжруулах, иргэдийн хөгжлийг дэмжих зорилгоор гэр хорооллын багуудад ахуй үйлчилгээний төв байгуулна.

4.1.18.Багийн иргэдийн ая тухтай амьдрах, эрүүл орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд халуун усны газар байгуулах, үйл ажиллагааг нь тогтмолжуулах арга хэмжээ авна.

4.1.19.Сууц өмчлөгчдийн холбоог дэмжих бодлого явуулж,  оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцлийг хангана.

4.1.20. Гэр хорооллын айл, өрхийн цэвэр усны хангамжийг нэмэгдуулж, усан сан шинээр байгуулна.

4.2. Нийгмийн салбарын барилга байгууламжийн талаар:  

Нийгмийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих, өргөтгөхөд хөрөнгө оруулалт хийнэ.

4.2.1.СӨБ байгууллагын хамран сургалтыг нэмэгдүүлж, 1, 5, 6, 10 дугаар багт хүүхдийн цэцэрлэг шинээр барьж, 1 дүгээр цэцэрлэгт өргөтгөл хийнэ.

4.2.2. 2, 6 дугаар сургуульд спорт заал шинээр барьж, зарим сургуулиудын хичээлийн байранд  их засвар хийнэ.

4.2.3.Усан бассейн, спорт цогцолбор барьж ашиглалтад оруулна.

4.2.4.Гэрлэх ёслолын ордон, гэр бүл залуучуудын хөгжлийг дэмжих төв барьж байгуулна.

4.2.5.Кинотеатр, боулинг болон бусад залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх цогцолбор байгуулах талаар хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана.

4.2.6.Хэрлэн голоо түшиглэн амралт, аялал жуулчлалын парк байгуулна.

4.2.7.Спорт талбай, дугуйн болон гүйлтийн зам, мөсөн гулгуурын талбай байгуулах замаар эрүүл амьдралын хэвшилд хүн ам, хамт олныг идэвхжүүлнэ.

4.3. Газрын харилцааны талаар:   

4.3.1.Иргэдийн өмчилж авсан газруудад эрчим хүч, дулаан, цэвэр ус болон бусад  дэд бүтцийг татах нөхцлийг бүрдүүлж, нийтийн эзэмшлийн шугам сүлжээн дээр байрласан аж ахуйн нэгж, байгууллагын газрыг чөлөөлөх арга хэмжээ авна.

4.3.2.Шинэ гудамж хөтөлбөр боловсруулж гэр хорооллын эгнээ гудамжуудыг цэгцлэх ажлыг зохион байгуулна.

4.3.3.Газар олголтыг аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлан зохион байгуулна.

4.3.4.Иргэддээ газар өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлж, өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлнэ.

5. НОГООН ХОТ, БАЙГАЛЬ ОРЧИН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

Байгалийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглуулах, нөхөн сэргээх, орчны бохирдлыг бууруулах цогц бодлогыг хэрэгжүүлнэ.

5.1.Чойбалсан хотоо дэлхийн жишигт нийцсэн ногоон хөгжлийн чиг баримжаатай хот болгон хөгжүүлэх эхлэлийг тавина.

5.2.Хотын агаар, ус, хөрс, орчны бохирдлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн ажиллаж амьдрах эрүүл, тохилог орчныг бүрдүүлэх талаар сургалт сурталчилгаа, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн байгууллага, иргэдийн санаачилга, үйл ажиллагааг хөхүүлэн дэмжинэ.

5.3.Хотын хогны менежментийг сайжруулж, ландфиллын аргаар дарж булах, шинээр баригдсан хог хаягдлыг цуглуулах, дахин боловсруулах байгууламжуудын хэвийн үйл ажиллагааг хангуулна.

5.4.Хотын ногоон байгууламжтай талбайг 2-3 дахин нэмэгдүүлэн, цэцэрлэгүүдийг  тохижуулж, иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлнэ.

5.5.“Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын техникийн хүчин чадал, орон тоог нэмэгдүүлэн, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээг авч ажиллана.

5.6.Иргэний нийгмийн байгууллага, иргэдийн нөхөрлөлтэй байгаль хамгааллын чиглэлээр хамтран ажиллана.

5.7.Мод үржүүлгийн газруудтай хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

5.8.Хэрлэн гол, Хан-Уул, хот тойрсон ногоон бүсийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, хамгаалахад онцгой анхаарч, Чойбалсан хотын дагуух голын эргийн нуралтыг багасгах зорилгоор “Хиймэл эрэг” байгуулах, моджуулах ажлын эхлэлийг тавина.

5.9.Авто тээврийн хэрэгслээс гарч буй хорт бодис, угаарын хийн стандарт мөрдөлтөд тавих мэргэжлийн хяналтыг сайжруулж, гэр хорооллын айл өрхийн 70 хүртэл хувийг бүрэн шаталттай зуух, түлш ашигладаг болгоно.

6.ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

Хотын хүн амын дотоодын хэрэгцээг мал аж ахуй, газар тариалангийн гаралтай эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангана.

6.1.Засгийн газраас баталсан “Хүнсний аюулгүй байдал”, “Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-үүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

6.2.“Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулж, жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах, үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээхэд дэмжлэг үзүүлнэ.

6.3.Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, туслах аж ахуйг дэмжин хөгжүүлж, мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, хотын хүн амын хүнсний хэрэгцээний 70 хувийг дотооддоо хангана.

6.4.Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, зах зээлд нийлүүлэх зорилго бүхий “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах, бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2011 оны 235 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангана.

6.5.“Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

6.6.Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хөдөлмөрөө хоршиж байгаа хоршооны хамтын ажиллагааг дэмжинэ.

6.7.Мал эмнэлэг, үржлийн нэгжүүдийн чадавхийг бэхжүүлэн малын удмын санг хамгаалах, мал сүргийг эрүүлжүүлэх цогц бодлого хэрэгжүүлнэ.

6.8.Байгалийн гамшиг, зудын улмаас малчдад учрах эрсдлийг бууруулах зорилгоор мал сүргийг даатгалд хамруулан, малжуулах төсөл хэрэгжүүлнэ.

6.9.Мал аж ахуйн бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээг жил бүр төлөвлөн хэрэгжүүлнэ.

6.10.Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, ажилгүйдлийг бууруулах, бизнесийн сургалт, үйлчилгээг сайжруулна.

6.11.Стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг дэмжиж, хүнсний аюулгүй байдлыг хангахад тавих хяналтыг чангатгана.

6.12.Төмс хүнсний ногоо, махны зоорьны хүрэлцээ, багтаамжийг нэмэгдүүлэх “Зоорь” төсөл хэрэгжүүлж, үнийг тогтвортой байлгах “Нөөцийн сан” байгуулна.

6.13.Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж цемент, төмөр хийц, шил, дулаалгын материал зэрэг бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо хангах бодлого барина.

6.14.Хотын нийтийн тээврийн маршрутыг нэмэгдүүлж, цагийн хуваарийг тогтмолжуулж, зорчигчийн тоог хэтрүүлэхгүй байх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллана.

7.БАТЛАН ХАМГААЛАХ, ГАМШГААС ХАМГААЛАХ БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

7.1. Батлах хамгаалах талаар:

Батлан хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх, цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг чанартай явуулан, цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаагчдын тоог  2 дахин нэмэгдүүлнэ.

7.1.1.Цэргийн алба хаагчдад \цэрэг, дүйцүүлэн болон гэрээтээр\ эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэхэд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.

7.1.2.Цэргийн тоо бүртгэлийн ажлыг цахим хэлбэрт шилжүүлж, бүртгэл судалгааг сайжруулна.

7.2. Гамшгаас хамгаалах талаар:

Гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, Чойбалсан хотын ахуйн гал түймрийг өнгөрсөн оныхоос 20 хувиар бууруулж, иргэдэд учрах гамшиг, хохирлыг багасгана.

7.2.1.Ган зуд, хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн дайчилгааны бэлэн байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллана.

7.2.2.Гамшгаас урьдчилан сэргийлэх “Гамшгийн эсрэг сургалтын төв” байгуулж, сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлж, аврах ажиллагааны бэлэн байдлыг хангуулах талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана.

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР,

ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА